Сумын ИТХ-ын ээлжит XIV-р хуралдаан төлөөлөгчдийн 85 хувийн ирцтэй хуралдаж доорх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
1. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцах тухай
2. “Хамтын оролцоотой шинэчлэлийн жил-2026”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай
3. “Гурван гол байгалийн цогцолборт хүрээлэн”-ийн ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай
4. 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх тухай
5. Сумын Аялал жуулчлалын хөтөлбөр батлах тухай
6. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл зарлах, төслийн доод, дээд хэмжээг тогтоох тухай
7. Нөхөрлөлүүдийн тайлан сонсох тухай
8. Байгалийн нөөцийн хамтын менежментийн хөтөлбөр, төлөвлөгөөнд тодотгол хийх тухай
9. Сумын ИТХ-ын Дотоод журмыг шинэчлэх тухай
10. Сумын цаг үеийн мэдээлэл сонсох тухай

Сум орон нутгийн хөгжлийг эрчимжүүлэх ,өнгө үзэмжийг нэмэгдүүлэх , иргэд, ААН, талуудын оролцоог нэмэгдүүлж тав тухтай, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд өөрсдийн гар биеэ оролцуулж, эв нэгдэл, хамтарч ажиллах дадал зуршлыг суулгах зорилго бүхий “ХАМТЫН ОРОЛЦООТОЙ ШИНЭЧЛЭЛИЙН ЖИЛ”-ийг “НЭГ ТӨЛӨӨЛӨГЧ НЭГ САНАЛ”, “НЭГ БАЙГУУЛЛАГА НЭГ САНАЛ”, “НЭГ ӨРХ НЭГ ЦЕМЕНТ”, “НЭГ СУРАГЧ НЭГ ЦЭЦЭГ”, “ГЭРЭЛ АЯН” зорилтын хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталлаа.

Норовлин, Барх багийн нутгийг дамнан орших Бархын нуруу, Цагаан чулуут уулын бүсэд хамаарах “Гурван гол-Байгалийн цогцолборт хүрээлэн”-д тохижилтын ажлыг эхлүүлэх, түймрийн зурвасыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын идэвхтэй бүс болгох, дотоод тохижилтын зураглал хийх ажлын хэсгийг ИТХ-ын даргаар ахлуулан баталсан.

Батширээт сумын 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотголд иргэн, аж ахуй нэгж байгууллагад эзэмшүүлэх газрын хэмжээ, байршилд 17 газрын саналыг хэлэлцэн, 16 газрыг баталсан.

Сумын нутаг дэвсгэрийн байгалийн болон түүх, соёлын өв, уламжлал, орон нутгийн онцлогт тулгуурлан аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх, дэд бүтэц, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байр бий болгох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд зорилго бүхий “БАТШИРЭЭТ СУМЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР”-ийг 10 жилийн хугацаатайгаар баталсан.

Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл хүлээн авах хугацааг 2026 оны 04 дугаар сарын 03-ны өдрөөс 05 дугаар сарын 03-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авч, зээлийн доод хэмжээг 5,000,000 төгрөг, дээд хэмжээг 50,000,000 төгрөг байхаар тогтоосон.

“Рашаан хад” нөхөрлөл, “Эв эе” нөхөрлөл, “Улаан хад” нөхөрлөл, “Зүүн номгон” нөхөрлөлийн тайланд үнэлэлт, дүгнэлт өгч, “Арвин хайрхан” нөхөрлөл, “Дунд номгон” нөхөрлөлийг Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл болгохыг дэмжсэн.















