Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Үндэсний хөтөлбөрийн зохицуулагч н.Энхжин, тус нийгэмлэгийн Ази, Номхон далайн бүсийн Гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авах салбарын дарга Нелсон Кастано зэрэг албаны төлөөллүүд манай аймагт өнөөдөр /2017.04.10/ ажиллалаа.

Тэд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Улаан загалмайн хорооны тэргүүн Г.Эрдэнэбат , ЗДТГ-ын дарга Ч.Энхбат нартай албан уулзалт хийж, ирсэн ажлынхаа зорилгыг танилцуулав.
МУЗН өнгөрсөн оны 12 сараас эхлэн Олон Улсын Улаан Загалмайтай хамтран өвөлжилт хүндэрсэн аймгуудад үнэлгээ хийж эхэлсэн бөгөөд Улсын Онцгой комисс болон Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн үнэлгээ мэдээлэл дээр тулгуурлан малчдад туслах ажлыг зохион байгуулж байна.
Үүний хүрээнд өвөлжилт хүндэрсэн 11 аймгийн зорилтод бүлгийн 3740 малчин өрхөд бэлэн мөнгөний болон эд материалын тусламж олгохоор зорьж байгаа бөгөөд одоогийн байдлаар 8 аймгийн 1740 өрхөд хүнс болон бэлэн мөнгөний тусламж үзүүлжээ.
Уг хандивын хөтөлбөрт Дархан-Уул аймгийн 140 малчин өрх хамрагдах юм.
Мөн Ан амьтныг хамгаалах нийгэмлэгтэй хамтран мал маллагаанд хамгийн өргөн хэрэглэгддэг иж бүрдэл “Малын багц”, эмнэлгийн анхны тусламжийн хайрцаг, хадлан тариаланд хэрэглэх цахилгаан хадуур зэргийг малчдад олгоно гэв.
